Thursday, October 28, 2010

ATTRIBUTE ба монгол текст

Та нарын зарим нь BLOCK, ATTRIBUTE үүсгэн тэндээ монголоор бичиж байгаа. Харин үүсгэснийхээ дараа текстээ засаж өөрчлөхөд асуудал тулгардаг байна. BLOCK дахь текстийг засахад асуудалгүй, ATTRIBUTE текстийг засахад Unicode гараар бичвэл текст зөв танигддаггүй байна.
ATTRIBUTE үүсгэхэд ямар нэгэн асуудалгүй болох нь доорх зургаас харагдаж байна.

Unicode фонт ашиглан Windows –н стандарт Unicode гараар бичив.
Одоо жишээ болгож Windows –н стандарт Unicode гар ашиглан ХӨХ ҮҮЛ гэж бичье.
Хэрэв фонт Unicode фонт бол огт танихгүй арзаасан тэмдэгтүүд гарч ирнэ.


Харин Arial Mon, arimon.shx (Unicode биш) фонт бол зөвхөн Ө, Ү үсгүүд зөрж бусад нь таарч байна.

Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
MonKey гараа суулгаж Arial Mon, arimon.shx фонтоо ашиглаад бичиж болох боловч аль болох үүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Тэгвэл ингэх шаардлагагүй юм.
Хэд хэдэн аргыг санал болгож байна.
1-р арга:
Монгол текстээ Notepad эсвэл Word дээр бичээд хуулж аваад (copy) ATTRIBUTE –н утга (value) дээр тавихад (paste) таньдаг байна.

2-р арга:
ATTRIBUTE –н утга (value) дээр гараар \u+0445\u+04e9\u+0445 \u+04af\u+04af\u+043b
гэж оруул ж болно. Үсэг бүрийн Unicode дугаарыг оруулж байна. Гэтэл энэ бол тийм ч амархан арга биш байна.

3-р арга:
Энэ арга бол Arial Mon, arimon.shx (Unicode биш) фонт ашиглах арга юм. Гэхдээ MonKey гар ашиглахгүй. Та нар зөвхөн Ө, Ү үсэг зөрж байсныг анзаарсан биз дээ. Тэгвэл
%%170 том Ө
%%186 жижиг ө
%%175 том Ү
%%191 жижиг ү гэсэн кодыг ашиглан ATTRIBUTE –н утга (value) дээр гараар õ%%186õ %%191%%191ë оруулбал ө, ү үсэг зүгээр танигдана.

Энд нэг юм анхаарахад фонт маань Unicode биш хуучны фонт байх ёстой. @mongolfont.shx фонтын шинэ хувилбар arimon.shx -ийг агуулсан тул энэ фонтыг ашиглахад асуудалгүй.
Энэ арга жижиг хэмжээний текст оруулахад оновчтой. ө, ү үсэг ороогүй бол бүр амар байх нь. %%170, %%186, %%175, %%191 тоог цээжлэхэд хангалттай.

Wednesday, October 27, 2010

@mongolfont.shx Монгол фонтыг шинэчиллээ

@mongolfont.shx фонтыг шинээр зургийн файл үүсгэн хэрэглээд явахад ямар нэгэн асуудалгүй. Харин хуучин зурган дээр ажиллахад хэрвээ arimon.shx фонт ашигласан текстүүд байвал таарахгүй тул танигдахгүй харагдана. Үүнийг засахын тулд arimon.shx фонтыг дахин ашиглахад хүрнэ. Уг зургаа өөр газар өгөхийн тулд заавал энэ хоёр фонтыг дагалдуулах хэрэгтэй болно.

Тэгвэл шинэ хувилбар болох @mongolfont.shx фонт нь unicode болон arimon.shx хоёрыг зэрэг багтаасан тул arimon.shx –оор бичсэн текст болон Unicode –оор бичсэн текстийн аль алинд таарна. Нэг л фонт хуучнаар бичигдсэн болон Unicode –оор бичигдсэн текстүүдийг харуулж чадна.

Unicode, MonKey, Arial, Arial Mon гэж юуг хэлээд байна вэ?

Unicode систем нь улс бүрийн үсгийг багтаасан нэг бүтэн систем юм. Ер нь үсэг болгон өөр өөрийн кодтой, тэгвэл Unicode бол аль ч улсын үсгийн кодыг давхцуулахгүйгээр бүртгэсэн систем юм. Үүний ачаар бичсэн текстээ дэлхийн аль ч өнцөгт үзэж засах боломжтой. Энэ нь ялангуяа интернэтэд их хэрэгтэй. Arial, Times New Roman зэрэг фонтууд нь Windows үйлдлийн системтэй цуг ирдэг Unicode фонтууд болно. Windows үйлдлийн системтэй цуг байдаг монгол гар (keyboard) нь Unicode дээр суурилсан байдаг байна. Иймд аль болох Unicode ашиглан текстээ боловсруулах хэрэгтэй.

Тэгвэл MonKey гэдэг нь монгол гар бөгөөд Unicode дээр суурилаагүй ба кирил (орос) үсгийн систем дээр ө, ү үсэг нэмж засварласан гар (keyboard) болно. Тэгэхээр Arial Mon фонт энэ гарт тохирохоор кодлогдсон үсгийн фонт болно. Arial Mon гэх мэт фонт ашиглан Windows үйлдлийн системийн стандарт монгол гар (keyboard) –аар бичвэл таарахгүй тул арзаах эсвэл дөрвөлжин тэмдэгтүүд гарна. Гэтэл зарим Arial Mon (шинэчилсэн) фонт нь Unicode кодыг агуулсан тул таардаг байна. Үүнийг анхааралдаа авна уу.

MonKey, Arial Mon хэрэглэхээс аль болох зайлсхийх шалтгааныг хэлье. Та текстээ MonKey, Arial Mon ашиглан бичжээ. Хэн нэгэнд өгөх хэрэгтэй болно. Ялангуяа шинэхэн компьютертэй хүнд өгвөл асуудал үүснэ дээ. Тэгэхээр тэр хүн уншихын тулд MonKey, Arial Mon суулгаж таарна. За тэгээд уншчихлаа, асуудал шийдэгдсэн мэт. Одоо тэгээд текстээ засахаар бол тэр хүнд аль гар хэрэглэх аль фонтоор бичих гээд асуудлууд үүсэх нь тэр. Гэтэл хүмүүсийн ихэнх нь үүнийг тоолгүй нэг хэсэгт MonKey монгол гар ашиглан, нөгөө хэсэгт Windows –н монгол гар ашиглан бичдэг. Өөрөөр хэлбэл бөөн холион бантан. Мэдээж хэрэг энэ текстээ өөр хүнд өгч таарна. Тэр хүнд бас бөөн асуудал үүсгэнэ, түүний толгойг эргүүлнэ гэх мэтээр гинжин холбоо үүсээд явах нь байна. За тэгээд хамтын бүтээлээ интернэтэд тавих боллоо. Мэдээж хэрэг дахин шивж оруулахгүйгээс хойш хуулж тавилаа. Гэтэл зарим хэсэг нь арзаасан тэмдэгтүүд болоод харагдаад эхэлнэ. Ингээд л бөөн асуудал...

Одоо та нарт хамгийн зөв шийдэл нь Unicode болох нь харагдаж байгаа биз. Unicode талаар дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.kt.mn/nuur/kt-undsen-bulanguud/zovlogoo/430-unicode-ashiglax-zovlomj.html
хуудаснаас уншиж болно. Ямар ч юм төгс байдаггүй тул Unicode –н сул тал бий.

Бас нэг асуудал гэвэл Unicode –оос өмнө бичигдсэн тэр их мэдээллээ яах вэ? ... гараар дахиж шивж оруулна гэдэг бүтэхгүй дэг. Тэгвэл MonKey монгол гараар бичсэн үсгийг Unicode уруу хөрвүүлдэг программын тусламжтайгаар хөрвүүлж болно. Жишээ нь:
http://badaa.mngl.net/convert/con2uni.htm вэб хуудах уруу орж хөрвүүлж болно.

За эргээд AutoCAD фонт уруугаа оръё. Мөн энэ фонтын А, Ж, ж, Ю, ю зэрэг үсгүүд дэх зарим нийлээгүй зураасуудыг битүүлж янзалсан болно.

@mongolfont.shx фонтыг хэрэглэх заавар.
- @MONGOLFONT.SHX файлыг татаж авна. Авахын тулд хажуугийн товчийг дарна уу.
- \Program Files\AutoCAD 20XX\Fonts    хавтаст (folder) хуулна.
- Текст бичихдээ Text Style – Font Name  -ээс @mongolfont.shx сонгоно. Хэрэв Font Name  дотор @mongolfont.shx байхгүй бол AUTOCAD программаа хаагаад дахин ажиллуулах хэрэгтэй.

Энэ фонтыг бусад хүмүүст тарааж өргөн хэрэглэцгээе.

Sunday, October 17, 2010

CAD -н хөнөөлт вирус

Би КАД программыг хэрэглэдэггүй болохоор энэ программын талаар сайн мэдэхгүй. Нэгэн зураг төслийн компанийн компьютерийн сүлжээг хариуцаж ажилладаг болсноор КАД -ын вирустай танилцах болсон. Зарим ажилтан миний Dwg файл устлаа, зарим нь Word, Excel файлууд, нэг хэсэг нь Rar, Pdf файлууд устчихлаа гэж хэлэх болсон. Анхандаа яах учраа олдоггүй байв. Ямар ч антивирус программааар хайлгахад юу ч илэрдэггүй байв. Гэтэл хэргийн эзэн ACAD.LSP байсан байна. Энэ файлыг сэжиглэдэг байсан л даа. Энэ файлыг онлайн антивирус программаар (www.virustotal.com) хайлгахад аль нь ч вирус биш гэдэг байв. Энэ файлыг нээхэд encrypt хийгдсэн учраа элдэв янзын тэмдэгт гарна.

Нэг өдөр санаа төрлөө. Энэ файл encrypt хийгдсэн юм чин яагаад decrypt хийж болохгүй гэж. Нэтээс Lisptool нэртэй программ олж decrypt хийлээ. Тэгтэл антивирус программ маань шууд л ALisp/Bursted.P вирус илэрлээ гэж заасан. Ингээд асуудлын учрыг оллоо доо. Энэ тухай Касперский антивирус кампани луу мэйл бичсэн. Одоо антивирус программ нь илрүүлдэг болсон байна лээ. Удахгүй бусад антивирус программууд илрүүлдэг болно биз.
ACAD.LSP файл нь AutoLisp програмын хэлээр бичигдсэн файл юм. Энэ файл нь зургийн файл нээгдэх үед автоматаар ачааллаж бичсэн командын дагуу ажиллана. Энэ програмыг оновчтой ашиглаж чадвал зургийн файлын энгийн тохиргоо, үндсэн зураасуудаа автоматаар гүйцэтгэж болно. Шинэ зургийн файл үүсгэх бүрт автоматаар ачаалладаг байна. Хэрэв та AutoLisp програм ашиглаагүй бол үүсээд байгаа ACAD.LSP файл нь компьютерийн вирус юм.
Кадын файл нээгдэхдээ хэрэв тухайн хавтаст ACAD.LSP файл байвал энэ файл нь давхар ачааллагдддаг байна.

Хэрэв AutoCAD LT хувилбар дээр ажиллаж байгаа бол энэ вирус ажиллахгүй. Учир нь AutoCAD LT хувилбар нь AutoCAD жирийн хувилбарын хөнгөвчилсөн хувилбар юм. AutoCAD LT хувилбарт 3D Modeling, Presentation, Lisp Applications, Express  Tools гэх мэт зүйлүүд байдаггүй байна. Тийм болохоор AutoCAD LT нь ердийн AutoCAD бодвол хурдан ажилладаг ба өндөр үзүүлэлт бүхий компьютер шаарддаггүй сайн талтай.

Вирусын ажиллах зарчим: Эхлээд Кад программын хавтаст ACAD.LSP байхгүй бол өөрийгөө болон ACADISO.LSP файлыг хуулна. Мөн нээлттэй байгаа зургийн файл орших хавтаст ACAD.LSP файл байгаа эсэхийг шалгаж байхгүй бол өөрийгөө хуулна. Дараа нь тухайн зургийн файл орших хавтас дахь exe, dwg, doc, xls, rar, pdf, zip, txt, chm, mp3 өргөтгөлтэй бүх файлыг устгадаг байна. Мөн "k:" "j:" "i:" "h:" "g:" "f:" "e:" "d:" "c:" хард диск дэх файлуудыг устгахыг оролдоно. Урд нь гайгүй хурдтай нээгдэж байсан файл уддаг болсныг та нар анзаарч эхэлнэ. Энэ үед зарим хүмүүс ESC (Escape) товч дардаг. Энэ нь вирус ажиллахыг зогсоодог байна. Ингэснээр вирусын хөр хөнөөлийг мэдэлгүй өнгөрдөг байна. Хэрэв зургийн файлаа нээж орхиод өөр юм хийж байвал харин тэр хооронд файлуудыг нэг устгаж өгнө дөө. AutoLisp программ нь файл системтэй харьцахад зориулагдаагүй тул удаан ажилладаг байна.
Сүлжээний орчинд өөр компьютер дээрх зургийг нээхэд тэнд байрлах файлыг устгаж чаддаггүй байна. Одоогоор зөвхөн тухайн компьютер дээр байрлах файлыг устгаж байна.

Вирус халдсан байх шинж тэмдгүүд: ACAD.LSP файл энэ тэнд үүсгэгдсэн байх, зургийн файлыг дарж шууд нээх үед Кад –н программ гацаж алдаа өгнө, Кад програм нээгдэх нь их удаан болно (нөгөө файл устгах үйлдлээ гүйцэтгэж байгаа тул). Та нарын ихэнх нь ESC (escape) товчийг дардаг тул вирус зогсдог байна. Мөн зураг нээгдэхэд ACAD.LSP файлыг зөвхөн эхний зураг нээгдэхэд ажиллуулах уу эсвэл зураг болгон нээгдэхэд ажиллуулах уу гэсэн асуулт бүхий цонх гарч ирнэ.

Хэрэв зураг болгонд гэсэн сонголтыг сонговол дахиж энэ асуулт бүхий цонх гарч ирэхгүй ба хорлонт үйл ажиллагаагаа зургийн файл нээгдэх болгонд явуулна.

Устгах арга:
1 -дүгээрт.
Windows XP –тэй бол
C:\Documents and Users\Хэрэглэгчийн нэр\Application Data\Autodesk\AutoCAD 20XX\R1X.0\enu\Support
Windows Vista, 7 –той бол
C:\Users\Хэрэглэгчийн нэр\AppData\Roaming\Autodesk\AutoCAD 20XX\R1X.0\enu\Support (энд XX нь Кад -н 2000, 2002, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 хэрэглэснээр хамаарч өөр байхыг илэрхийлнэ) хавтаст орших ACAD.LSP, ACADDOC.LSP файлуудыг устгана.
2 -дугаарт.
Хайлт хийж бүх ACAD.LSP файлуудыг устгана.
3 -дугаарт.
Кад програмын комманд –д      ACADLSPASDOC гэж бичээд утгыг нь шалгана. Хэрэв 1 гэж байвал 0 гэсэн утгыг өгнө. 1 гэдэг нь асуулгүйгээр зургийн файл нээгдэх болгонд автоматаар ACAD.LSP ачааллана гэсэн сонголт болно.

Сэргийлэх арга:
Өөр газраас ирсэн зургийн файл нээхдээ шууд нээж хэрхэвч болохгүй. Эхлээд тухайн зургийн хавтаст ACAD.LSP  файл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв байгаа тохиолдолд ACAD.LSP -ийг хэрэглэж байгаа юу гэдгийг тодруулаад үгүй бол шууд устгах хэрэгтэй. Ер нь ACAD.LSP нууцлагдсан байж болох тул эхлээд вирусгүй орчинд хуулж нээвэл илүү найдвартай.

AutoCAD -н монгол фонт

Одоогоор хэрэглэж байгаа arimon.shx CAD -н shape font -ыг Unicode гараар бичихэд ө, ү үсэг нь зөрж ихээхэн бухимдал үүсгэдэг ба засахын тулд MONKEY зэрэг хоцрогдсон гарын тохиргоо хийх болдог нь улам асуудал үүсгэнэ. Ингэлээ гэхэд өөр хүний компьютерт зургийн фонт танигдах эсэх нь эргэлзээтэй. Мөн зарим өргөн хэрэглэгддэг симбол тэмдэгтүүд байдаггүй сул талтай.

@MONGOLFONT.SHX shape font нь ARIMON.SHX shape font-ыг UNICODE  уруу хөрвүүлсэн хэлбэр ба нэмэлт ±, °, ∅, ≈, ∠, ≠, ℄, Δ, ≡, ₂, ², Ω, ³, ≥, ≤ гэх мэт тэмдэгтүүдийг оруулж өөрчлөлт хийсэн фонт болно. Энэ фонтыг хэрэглэснээр ө, ү үсэг зөрнө гэх мэт асуудалд огт санаа зовохгүй байж болно. Windows үйлдлийн системийн стандарт монгол гартай (unicode) таарах учир олон янзын тохиргоо шаардагдахгүй.

Unicode-ийн ямар ч симбол (тэмдэгт)-ийг энэ фонт-д оруулж болох тул өргөн хэрэглэгддэг симболийн талаар саналаа хэлбэл оруулж өгч болно.

Ашиглах заавар:
- @MONGOLFONT.SHX файлыг татаж авна. Авахын тулд хажуугийн товчийг дарна уу.
- \Program Files\AutoCAD 20XX\Fonts    хавтаст (folder) хуулна.
- Текст бичихдээ Text Style – Font Name  -ээс @mongolfont.shx сонгоно. Хэрэв Font Name  дотор @mongolfont.shx байхгүй бол AUTOCAD программаа хаагаад дахин ажиллуулах хэрэгтэй.

Энэ фонтыг бусад хүмүүст тарааж өргөн хэрэглэцгээе.